Улсын хэмжээнд ургац хураалт бүрэн дууссан

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбатаас ургац хураалтын талаар тодрууллаа.

-Манай улс энэ жил хэчнээн хэмжээний ургац хураахаар төлөвлөж байгаа вэ?

-Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураахаар байна. Үүний 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах боломжтой байна.

-Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд 530 мянган га талбайд тариалалт хийсэн. Есдүгээр сард үргэлжлэн орсон хур тунадасны улмаас 24 мянган га талбайд ургац алдсан. Улсын хэмжээнд ургац хураалт ерөнхийдөө бүрэн дууссан байгаа. Ургац хураалтын хувьд одоогийн байдлаар  үр тариа 40 мянган тонн хураасан үүнээс улаанбуудай 382.8 мянган тонн, хүнсний ногоо 109.2 мянган тонн, төмс 235.7 мянган тонн, малын тэжээл 160 мянган тонн, тосны ургамал 20 мянган тонн тус тус хураасан байна. Сэлэнгэ аймгийн хувьд манай улсын ургацын 50 гаруй хувийг нь хангадаг байгаа. Тус аймгийн хувьд ургац хураалт бүрэн дууссан. Бид төмс, хүнсний ногоогоо ерөнхийдөө 100 хувь хурааж дууссан учраас хүнсний ногоогоор дотоодоо бүрэн хангана гэж үзэж байгаа.

-Энэ жил дотооддоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-Ургацын баланст 480 мянган тонн гэж гарсан. Бид үүнийг цаг агаар болон бусад нөхцөл байдлаас үүдэн гурилын хэрэгцээг  20 хувиар багасгаж 318 мянган тонн улаан буудай нийлүүлнэ гэж тооцсон байгаа. Өнөөдрийн байдлаар  нийт 86 хувьтай буюу 360 мянган тонн улаан буудайг хурааж аваад байна.  Тэгэхээр үр тариа тэр дундаа хүнсний улаанбуудай хангамжийг дотооддоо бүрдүүлэх бүрэн бололцоо бидэнд байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас зарим жил нийт гурилын үйлдвэрлэлд нийлүүлэгдэж байгаа будааныхаа 20-30 хувийг импортоор авах тохиолдлууд байдаг.  Энэ нь жил бүр биш цаг агаарын нөхцөл байдалтай уялдан өнгөрсөн жил бид 60 мянга орчим тонн будааг импортоор авсан. Харин 2017-2018 онуудад будаа импортоор аваагүй.  Урьдчилсан балансаас харахад улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Мөн манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдүүлэхээр байна.

эх сурвалж: itoim.mn

Leave a Reply

Your email address will not be published.